2007/04/29

Нойр булчирхайн өвчтэй хүн тураалд ордог


Нойр булчирхай нь хоол боловсруулалтанд оролцдог дотоод болон гадаад шүүрлийн булчирхайлаг эрхтэн юм. 15-23 см урттай, 70-90 гр жинтэй байдаг. Нойр булчирхай нь гялтан хальсны ард, хэвлийн хөндийн ар хананд, дээд гэдэс, дэлүүний үүдний хооронд хөндлөн байрлалтай байдаг эрхтэн юм. Бүтцийн хувьд толгой, их бие, сүүл гэсэн гурван хэсэгтэй.


Нойр булчирхайн хурц үрэвсэл

Манайха нбаяр ёслолоор ууж идэхээ хэтрүүлдэгтэй холбоотойгоор эмнэлгийн практикт дээрх шалтагтай нойр булчирхайн үрэвсэл ихээр ирж байгаа нь сэтгэл зовоосон асуудал хэвээр байна. Нойр булчирхайн үрэвсэл нь нойр булчирхайн эд цочмогоор үрэвсэхийн зэрэгцээ түүний орчны эд гэмтэж хавагнан өөхөн болон цусархаг үхжил үүсдэг өвчин юм. Эмнэл зүйн хордлогын шинжтэй бүр цаашлаад шок, зүрх судасны дутагдал даамжраад үхэлд хүргэх аюултай өвчин.


Ямар шинж тэмдэг илэрдэг вэ

Нойр булчирхайн архаг үрэвслийн эмнэлзүйн шинж нь арван жилийн дараа тод илэрдэг. Уг үрэвсэл даамжрах хандлагатай тул удалгүй хүндрэл өгөх нь элбэг байдаг. Хамгийн эрт илэрч болох шинж тэмдэг нь өвдөлт байдаг. Заримдаа огцом хүчтэй хатгаа маягаар өвддөг. Энэхүү өвдөлт нь таарч тохирохгүй хоол хүнс хэрэглэснээс болдог. Уг өвдөлт аюулхай орчим, хэвлийн дээд хэсгээр өвддөг. Мөн зарим тохиолдолд ар нуруугаар бүслэх маягтай ба зүүн мөр дал руу дамждаг онцлогтой. Өвчтөн өөрөө ч анзаардаггүй нэг зүйл бол хоол боловсруулалт мууддаг. Мөн үүнийг дагалдан гэдэс цанхайх, дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоолонд дургүй болох, өөх тостой, хоол, сүү, цай хэрэглэхэд зовиур нэмэгдэх, шүүс савирах зэрэг шинжүүд илэрдэг. Нэлээд хожуу үед нойр булчирхайн ферментүүдийн дутлын улмаас их хэмжээний тосорхог, гялалзсан шар өнгөтэй наалданги шингэнээр суулгана. Хоол идсэний дараа гэдэс нь байнга гүйлгэдэг учраас уг эмгэгийг анх эмчлэх шалтгаан болдог. Байнга ингэж шингэн алдах нь өвчтөнд зовиуртай санагдаж хоолонд муу болдог. Ингэснээр өвчтөн тураалд ордог.


Энэ нь юунаас болдог вэ

1.Хурц хоол, архи, пиво хэтрүүлэн хэрэглэх, шарж хайрсан махан хоол, хайлмаг, хорхог, боодог идэж, араас нь хүйтэн ус, ундаа, тараг, айраг, цийдмэг уух. Мөн өөх тостой хурц хоол идэх, өлөн үедээ архи ихээр уух.
2.Нойр булчирхайн сувагт ямар нэгэн саад бий болох /цөсний чулуу/ гэх мэт.
3.Цөсний замын болон цөсний хүүдийн архаг үрэвсэл.
4.Хоолны хордлого, хоолны дэглэм алдагдах. Зэрэг шалтгаанууд элбэг тохиолдож байна. Энэ өвчинг тусвал ямар шинж илрэх вэ?


1.Аюулхайд хүчтэй өвдөх. Зүүн сүвээ бүсэлхий рүү дамжиж, ороож өвдөнө.
2.Тасралтгүй бөөлжүүлнэ.
3.Хэвлийд өвдөнө.
4.Царай цонхийж хүйтэн хөлс гарна .
5.Үхлийн айдас төрнө
6.Халуурна
7.Гэдэс дүүрнэ, өтгөний гарц өөрчлөгдөнө, суулгана
8.Шокод орж болно
9.Зүрх судасны дутагдалд орж болно /артерийн даралт буурна/
Эдгээр шинжүүд илэрсэн үед та өвчтөний ар гэрийнхэн болон хамт байгаа найз нөхөд нь өвчтөнг яаралтай эмнэлгийн байгууллагад мэдэгдэж анхны тусламж үзүүлэх бололцоог хангаж өгөх хэрэгтэй. Гэвч дээрх шинжүүд нь ганцхан нойр булчирхайн цочмог үрэвслийн үед илэрдэггүй бөгөөд бусад олон өвчний үед дээрх шинжүүд илэрдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. / Ходоод гэдэсний шархлаа цоорох, элэг цөсний хатгаа, хурц цөсний үрэвсэл, гэдэсний түгжрэл, зүрхний шигдээс гэх мэт байж болдог/. Иймд хоол хүнсээ тохируулан зөв, зохистой хэрэглэх аваас энэхүү өвчинд нэрвэгдэх үүд хаалгыг хааж чадна.


Хоолны дэглэм сайн сахих хэрэгтэй

Өөрийгөө нойр булчирхайн үрэвсэлтэйг мэдсэнээс хойш цаашдаа хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Ингэснээр өвчний дахилт даамжрахаас сэргийлдэг онцгой ач холбогдолтой. Малын гаралтай өөх тос, загас, лаазалсан бүтээгдэхүүн, хиам, мөөг ногооны хуршсан шөл, хийжүүлсэн ундаа, шарсан, хайрсан хоол хүнс хэрэглэхийг хориглоно. Архи, дарс, шоколад ч үүнд орно. Харин шинэхэн ногооны шөл, каш, гоймон, компот, лимонтой цай, жимсний шүүс, шинэ тараг, өндөгний цагаан, үхэр, тахианы өөх багатай мах зэргийг хэрэглэж болно. Хоолондоо нэмэлт сахар хэрэглэхийгхатуу хоригло. Харин шалтгааны эсрэг эмгэг жам шинж тэмдгийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үрэвсэл өвдөлт намдаах, хордлого тайлах, халдварын голомт байгаа бол антибиотик хэрэглэх зэргээр эмчийн хяналтанд эмчлүүлээрэй.

(ШКТЭ-ийн мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасгийн их эмч Б.Гэрэлмаа)



No comments: