2007/09/25

80 насанд амьдрал дөнгөж эхлэнэ

Зуу насыг хүртэл эрүүл чийрэг, сэргэлэн цовоо байдаг бол мөн сайхан аа...... Үүнийг хоосон мөрөөдөл гэх үү.? Гэтэл тийм хувь тавилантай хүмүүс байх л юм. Тэгж насалсан хүмүүн бие сэтгэлийн эрүүл мэндээ жигтэйхэн удаан хадгалсан явдал бий шүү дээ. 90-100 насалсан хүмүүсийн гуравны нэгээс илүү хувь нь урьдын адил идэвхитэй амьдарч энх тунх байцгаах юм. Үүний шалтгаан юунд байна аа. Одоо явуулж буй GEHA /Эрүүл хөгшрөлтийн генетик/ төсөл үүнийг ямар нэг талаар тодруулж болох юм. Түүнд Европын 11 орны түүнчлэн Израиль, Хятадын эрдэмтэд оролцож байна. Тэдний зорилго нь зөвхөн генетикийн төдийгүй өөр бусад хүчин зүйлийг харгалзан үзэхийн тулд аль болох олон өндөр настнаас асуулга авахад оршиж байна. Жишээлбэл, тэр хүмүүс хаана хэрхэн амьдарч байна, хөрөнгө чинээ ямар байна гэх мэтийг асууна. Иймэрхүү судалгаа үнэхээр цагаа олж эхэлсэн юм. Ялангуяа аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад хүн ам хурдацтай өтөлж байна. Тиймээс хүмүүс хөгшрөхдөө хүч чадал эрүүл мэнд сэргэлэн цовоо байдлаа хадгалж үлдэхийг хичээж байна. Хэрэв хүний амьдрах нөхцлийг сайжруулж, боломжийн амьдралыг нь хангаад өгвөл бүр өтөл настай хүний наслалтыг ч уртасгаж болдог ажээ. Машин, метро, вагоноор биш харин хөлөөрөө явах нь амьдралыг тэтгэж насыг уртасгана. Зарим тоо баримтаас үзэхэд Европын орнуудад 10 хүн тутамын нэг нь хөдөлгөөн дутснаас бие махбодь суларч идэвхгүй болсонтой холбоотой байдаг байна.

Зүрхний шигдээсээс зайлж болно.! Долоо хоногт гурав, дөрвөн удаа тогтмол зугаалах нь энэхүү өнгөрсөн ба энэ зууны өвчинөөс урьдчилан сэргийлэх сайн арга болдог. Тархинд нь цус харвасан хархыг биеийн хөдөлгөөнд оруулбал тархинд нь шинэ судаснууд бий болдгыг энэ амьтан дээр хийсэн туршилт харуулж байна. Биеийн хөдөлмөр эрхэлж спортоор хичээллэх нь оюуны чадавхиа удаан хадгалахад хүмүүс бидэнд ч тус болох бололтой. Хүн бүр хөгширдөг гэхдээ зарим нь 60 насандаа амьдрах сонирхолгүй болдог байхад, жишээ нь алдарт биологич Эрнст Майр 100 настайдаа ч шинжлэх ухааны ажил хийж байх жишээтэй. Зуу насалсан хүмүүсийг гурав ангилж болно. Тэдгээрийн 40% нь өвчнийг гэтэлж амьд гарагсад байдаг. 60-70 насандаа. тэд хүнд өвчин тусан, зарим нь 10 хэдэн жил өвчинтэй тэмцсээр өвчин эмгэгээ арилгасан байдаг нь гайхалтай. Бидний хэн нь ч гэсэн хүнд өвчин тусаад хэдэн жил тэсээд өнгөрчихвөл хойшид гунигтайгаар өтлөх биш, өвчин нь үгүй болж хүч чадалтай хэвээрээ хэдэн арван жил амьдарч болно гэдгийг санах хэрэгтэй.
-40 хувь нь цаг алдалгүй арга хэмжээ авдаг хүмүүс байдаг. 85 хүртлээ тэд ноцтой, хүнд өвчнөөр өвчилдөггүй.
Учир нь өвчин тусвал бага дээр нь эмчилж намдаадаг. Тэд ийм байдлаар өвчинг т.уулалгүй хойшлуулсаар байгаад 100 настай золгодог.
-20 хувь нь халдашгүй дархан хүмүүс байдаг. Зуу насалтлаа өвдөж ч үзээгүй тэд сайндаа л хэдэн удаа хамрын ханиадаа эмчилж үзсэн байдаг. Италийн геронтологич Клаудио Франческийн таамаглалаар хөгшрөлт бол чухамдаа сунжирсан үрэвслийн үйл явц ажээ. Бие махбодид энэ үйл явц илүү идэвхитэй явагдаж байгаа хүмүүс бусдаасаа түрүүнд нас бардаг. Өтлөхийн эмгэгболох альцгеймерийн өвчин, өмөн үү, чихрийн шижин, зүрх судсны өвчнүүд үрэвсэлт өвчний горимоор үүсч, хүндэрдэг нь санамсаргүй хэрэг биш. Ийм тохиолдолд бид хэд наслах нь олон талаар бидний дархлааны системийн онцолгоос хамаарна. Нэг талаас тэр систем нь вирус, бактерийг дийлэхээр хүчтэй, гадны биетийг устгах гэж үрэвсэх явц нь бидний өөрсдийн бие махбодийг туйлдуулчихаар тийм хүчтэй биш, алтан дундаж байх ёстой. Өндөр насалсан олон хүний дархлааны систем нь нас ахихын хэрээр хэт идэвхитэй юм уу , хэт сулбагар байхгүйн тулд өөрийгөө байнга хянаж, шинэчилж байдаг. Харин зарим азтай нэгнийх нь дархлаа бүр өлгийтэй байх цагаас нь өө сэвгүй хөглөгдсөн байдаг. /К.Франчески/ Манай гаргийн Окинава, Сицил зэрэг өнцөг буланд урт настан илүү олон байдаг гэнэ. Окинавад тэдний дунд явуулсан санал асуулгын дүн ийм байна.
-Эдгээр хүмүүс бүр өтөл насандаа ч биеийн хүчний хөдөлмөр эрхэлж, их хөдөлгөөнтэй байжээ.
-Тэд хэзээ ч ганцаардаж байсангүй. Туйлын өөдрөг үзэлтнүүд байж.
-Голцуу хүнсний ногоогоор хооллож, загас их хэрэглэж байжээ.
-Хоолоо бараг хэтрүүлдэггүй. Өлсч байгаагүй ч үе тэнгийн талийгаачдаасаа арай бага иддэг байжээ. Эрдэмтэд урт наслалтын нууцыг тайлах санаатай сүүлийн арван жил хэд хэдэн туршилт хийсний нэг нь, ялаа, харх, сармагчнуудад илчлэг багатай хоол идүүлж үзсэн юм. Тэгэхэд хархын ойролцоогоор 40 хувиар илүү насалсан байна. Хэргийн учир илчлэгийн хэмжээнд байна гэж үү?Хэрвээ тийм бол хоолны дэглэм нь хүний бие махбодид чухам хэрхэн нөлөөлөх вэ. Энэ талаар зарим нэг тайлбарыг өгүүлье.
-Хөдөлгөөнтэй амьдардаг хүмүүс гол төлөв гоолиг биетэй байдаг. Тэд илүү идэвхитэй байдлаар амьдардаг учир өвчлөх нь цөөн, наслах нь урт байдаг ажээ.
-Илчлэг ихтэй хоол бага хэрэглэхэд бодисын солилцоо удааширч, хүний бие махбодид чөлөөт радикал гэгч буюу бодисын солилцооны хортой бүтээгдэхүүн бага хуримтлагддаг байна.
-Хоолоо сойх дэглэм нь амьдралын үйл явцыг удаашруулдаг. Хуурай хөрсөнд цацсан тарианы үр хожим “цэцэглэхэд” нойрсдогтой төстэй зүйл хүний биед явагддаг байна. Гэвч урт наслахын тулд хоол болоод хорвоогийн сайхан юмнаас татгалзах нь хэтэрхий хатуудсан хэрэг мэт санагдана биз. Эрдэмтэдийн туршилтад орсон сармагчны бие махбодь ч гэсэн албадан хязгаарлалтын эсрэг “бослого” зарлаж байлаа. Тэдгээрийн яс нь хэврэгшиж идэвхи суларч байжээ. Үүнийг хүнтэй холбогдуулж ярьвал: “Хэрээ минь дээ гурван зуун жил амьтны сэгээр хоололсноос нэг удаа халуун цус ханатлаа сорсон минь дээр. Харин хожим яах нь бурханы тааллаар болно биз” гэсэн Пушкины онигоо шиг сонсогдох биз. Эсвэл шинжлэх ухааны хэлээр хэлбэл, 20 нас илүү наслахын тулд шууд бага тойруу утгаараа өлсч, даарч, хайрын жаргал эдлэхгүй явах нь зөв үү. Эрдэмтэд бас ийм нэгэн сонин юмыг ажиглажээ. Амьдралын анхны өдрөөсөө л ямар нэгэн хамгаалалтын механизмтай болсон юм шиг эрүүл чийрэг биетэй хүмүүс байдаг гэнэ. Тэд олон жил эмчид хандахгүй, энэ тэр калори гэлгүйгээр тааралдсан болгоноо л хуу хамаад идчихдэг. Тэдний зарим нь анагаах үндсэн зарчимуудыг зориуд гээсэн юм шиг зургаадай таяг тулаад явж байх… Жишээлхэд, эмэгтэйчүүдийн дундаас албан ёсоор урт насны рекорд тогтоон бичиг баримтаар нотлогдсон Жанна Кальмент гэгч 122 жил насалсан билээ./ 1997 оны наймдугаар сард нас барсан/. Түүнийг тамхичин эмэгтэйчүүдийн рекордийг тогтоосон гэж зүй ёсоор нэрлэж болно.Тэрээр 199 настайдаал тамхинаас гарчээ. Бүх хорио цээрийг зөрчдөг атлаа урт наслаад байдаг иймэрхүү эрүүл чийрэг хүмүүсийг судлаач нар онцгойлон сонирхож байна. Тэдний бие махбодийг юу хамгаална вэ. Бүх учир тэдний “урт наслалтын генд” байна уу. Ер нь хөгшрөлт гэдэг юу юм бэ. Адгуусан амьтны хөгшрөлт үр удмаа үлдээж нөхөн төлжих чадвартай наснаас давсан үед эхэлдэг гэж биологичид аль хэдийн тэмдэглэсэн. Үржлийн үйл явц дуусахад байгаль тухайн бие махбодийн төлөө санаа тавихыг больж тэр нь хөгширч, мөхөж эхэлдэг. Үнэнийг хэлэхэд хүмүүс бид тэр нийтлэг жамаас гажиж байна. Хэрвээ бид байгалийн хуулиар амьдарсан бол бидний олонхи нь тавин насыг ч наслахгүй байсан биз. Хүмүүс урт насалдаг болсны ачаар “хүн төрлөхтний соёл” буй болсон гэж түүх ч үзэж байгаа шүү дээ. Эрт дээр цагт өвөгчүүлийг дэлхий ертөнц хийгээд хүний тухай мэдлэгийг хадгалагч мэргэн ухаантнууд гэж хүндэтгэдэг байжээ. Харин үйлдвэржилтийн эринд л тэд нь амьдралын өсч буй хурдыг гүйцэлгүй “нөөц зам” дээр гарцгаасан юм. Эцэг өвгөдийн мэргэн ухаан одоо цайнаас дор үнэлэгдэх болж. Хүмүүс хүчтэй, эрчимтэй атлаа эргэцүүлэн бодож амждаггүй залуу насыг бишрэн шүтэх болжээ. Дэлхий ертөнц толгой эргэмээр хурдан өөрчлөгдөж мөн тийм хурдтайгаар бусдын туршлагыг хий дэмий үрэн таран хийх боллоо. Улс нийгэмдээ мартагдсан надтай хамт касст дугаарлан зогсч буй эдгээр хөгшчүүл хаашаа ч юм бэ яарч тэвдэж буй бүх хүмүүст ямар гээчийн үнэн зөвөлгөө өгч чадах байсан юм бэ. Би чинь юун тухай бодолд автаатахав. Генийн тухай юу. Өтөл дорой болохын цагт аливаа амьд амьтны амьдралыг тодорхойлогч суурь хүчин зүйл болсон генүүд л сүүлчийн үгээ хэлнэ. Барагцаалбал гурван тохиолдол бүрийн нэгд нь хүний урт нас чухам түүгээр тодорхойлогдоно. Эрдэмтэд 1990-д онд ялаа, шавьж дээр хийсэн туршилтаараа аль нэг генийг хассанаар тэдгээрийн амь насыг хоёр дахин , тэр байтугай гурав дахин уртасгаж байлаа. Энд бусад генийн идэвхит чанарыг зохицуулдаг бодисийн солилцооны эрчмийг бууруулдаг, удамшлийн мэдээллийг хамгаалдаг, дархлааны системийн ажиллагааг сайжруулдаг генүүдийн тухай ярьж байгааг туршилт харуулж байна. Одоо 70 гаруй тийм ген илрүүлчихээд байгаа юм. Жишээлбэл:31г2 ген нь исгэгчийн эсүүд дотор явагдаж буй амьдралын үйл явцыг удаашруулж тэдгээрийн насыг уртасгадаг байна. INDY генийн мутац ялааны насны хэмжээг өөрчилдөг. Энэ ген тэжээлийн бодисыг эсэд шингээх явдлыг хариуцах бөгөөд хэрвээ тэр мутацад орвол илүүдэл калори нэвтрэхгүй. Эрдэмтэдийн илрүүлсэн хүний урт наслалтын цөөн хэдэн генийн нэг нь АроЕ ген юм. Түүний нэг хувилбар е4 хөгшрөлтийн эмгэгээр өвчлөх эрсдлийг 4-5 дахин ихэсгэдэг бол өөр нэг хувилбар болох е2 нь уг аюулыг бууруулдаг байна. Сүүлчийн хувилбар нь урт настнуудад тохиолдох нь мэдэгдэхүйц олон байдаг байна.

Хөх толбо