2007/05/12

Бусдын тамхины утаанаас өөрийгөө хамгаал


Тамхины утаатай өрөөнд нэг цаг байхад 15 тамхи татсантай ижил хордоно

Тамхидалт нь хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудад үхлийн гол шалтгаан болоод байна. ДЭМБ-ын тооцоолж байгаагаар тамхинаас үүдэлтэй өвчнөөр долоон секунд тутамд нэг хүн нас бардаг ажээ. Нэг тамхи татахад таны амьдралаас дунджаар 10 минутыг хороож байдаг. Харин
тамхи татдаг хүмүүсийн дөрөвний нэг нь энэ муу зуршлаасаа болж амьдралынхаа 20-25 жилийг алдаж байгаа судалгааг хийжээ. Монголд нэг жилд ойролцоогоор 2900 хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр хорвоог орхиж байгаа тооцоо бий. Тамхи дараах байдлаар эд эрхтнүүдийг өвчлүүлж байгаа юм.


Зүрх судасны өвчлөлд тамхи хамгийн ихээр нөлөөлдөг

Тамхидалтаас болж үүсдэг өвчний жагсаалтыг зүрх судасны өвчлөл тэргүүлж, энэ өвчнөөр нас барагсдын 20-25 хувь нь тамхитай холбоотой байгаа судалгааг ДЭМБ хийжээ. Харин манай улсад зүрх судасны өвчнөөр нас барагсдын 31.3 хувь нь тамхинаас үүдэлтэй байгаа юм. Дэлхий дээр нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөс болсон байдаг. Харин энэ өвчнийг үүсгэж байгаа гол хүчин зүйл нь тамхи гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Хөгжиж байгаа оронд саяас илүү, хөгжингүй орнуудад хагас саяас илүү хүн зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж байна гэсэн тооцоог ДЭМБ гаргажээ. Гол судасны хатуурал, зүрхний титэм судасны цусан хангамж дутагдах өвчнүүд, тархины судасны өвчин зэрэг зүрх судасны өвчнүүд нь голдуу тамхидалтаас үүдэлтэй байдаг.


Тамхинд хорт хавдар үүсгэх 40 гаруй химийн нэгдэл бий

Тамхинд 4000 гаруй химийн нэгдэл агуулагддагаас 40 орчим нь хорт хавдар үүсгэдэг болох нь нэгэнт батлагдаад байгаа юм. Олон жил тамхи татсан хүн уушигны хорт хавдраар өвчлөх эрсдал 22 дахин их байдаг бол бусад эрхтний хорт хавдраар өвчлөх эрсдэл 6-27 дахин өндөр байдаг ажээ. ДЭМБ-ын гаргасан мэдээллээр жилд 10 гаруй сая хүн шинээр хорт хавдраар өвчилсөн гэж оношлогдож байна гэжээ. Үүнээс үзэхэд хорт хавдар улам бүр нэмэгдсээр 2020 он гэхэд 15 сая хүн энэ өвчнөөр өвдөх магадлалтай байгаа гэнэ. Тэр дундаа уушигны хорт хавдраар өвчлөгсдийн тоо өссөөр байгаа нь мөн л тамхиных. Энэ нь тамхинд агуулагдах химийн нэгдлүүд нь уушигны эдийн хамгаалах үйл ажиллагааг дарангуйлдагтай холбоотой юм. Ингэснээр тоос, шороо мэтийн гадны биетүүд уушгинд хуримтлагдаж, үрэвсүүлж эхэлдэг байна. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар тамхичид уушигны хорт хавдраар өвчлөход тамхи татаж эхэлсэн нас, өдөрт татдаг тамхины тоо, тамхи татсан жил шууд нөлөөлдөг болох нь тогтоогджээ. 15 хүртэлх насандаа тамхи татаж эхэлсэн хүн уушигны өмөн үүгээр өвчлөх магадлал түүнээс арван жилээр хойно тамхи татаж эхэлсэн хүнээс тав дахин их байдаг аж. Манай улсад хийсэн судалгаагаар өдөрт 15-20 ширхэг тамхи татдаг хүн энэ өвчнөөр өвдөх эрсдэл тамхи хэрэглэдэггүй хүнээс 3.3 хувиар өндөр гарчээ. Уушигны хорт хавдраас гадна тамхи нь уушигны эрүүл чийрэг, хөвсгөр зөалөн эдийг гэмтээдэг учир уушиг гаднаас орж ирж байгаа агаарыг цэвэрлэж, мөн буцааж гаргах чадвар нь алдагддаг байна. Ингэснээр уушиг өмхөрч эхлэх ба зөөлөн эдүүд нь хатуурч, амьсгалах тоолонд уушгийг аажмаар гэмтээдэг. Үүнийг уушиг тэлэгдэх өвчин гэдэг байна.
Мөн уушиг бөглөрөх өвчнөөр өвчлөгсдийн 90 хувь нь тамхичид байдаг.


Бусдын тамхины утаанаас өөрийгөө хамгаал

Энэ удаад тамхи татдаг хүмүүсийн өвчлөлийн талаар бичихээ түр азнаад тэдний эргэн тойрны хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг уншигч танд хүргэхээр бэлдлээ. Бусдын татсан тамхины утаагаар хордохыг дам тамхидалт гэдэг байна. Мөн идэвхгүй тамхидалт гэж ч нэрлэдэг аж. Хэдийгээр та огт тамхи татдаггүй байсан ч гэр бүлийн тань нэг гишүүн тамхичин бол тамхинаас үүдэлтэй өвчнөөр таны өвчлөх эрсдэл 68.3 хувь байна. Мөн зүрх судасны эмгэг үүсэх магадлал 67.2, харшилтай болох 65.3 хувь, амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал 75 хувь байна.
Түүнчлэн тамхитай орчинд амьдардаг хүүхэд элдэв харшлын өвчин, уушигны үрэвсэл, багтраа, тархины цусан хангамжийн дутагдалд орохын
зэрэгцээ тарай хүүхдийн гэнэтийн үхлийн шалтгаан болох нь ч бий. Эмэгтэйчүүдийн хөх болон умайн хорт хавдар дам тамхидалтаас үүсэх магадлал өндөртэй байдаг ажээ. Мөн үргүйдэлд хүргэх аюултай гэнэ. Тэр байтугай жирэмсэн эхийн урагт шууд нөлөөлдөг байна. Тамхины утаатай өрөөнд нзг цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодис залгидаг бол машин дотор татсан тамхины утаа нь гэрт татсанаас 23 дахин илүү хортой байдаг нь батлагджээ. Машиныхаа цонхыг онгойлгоод ч дам тамхидалтаас сэргийлэх аргагүй юм байна. Өвчний хяналтын төвөөс АНУ-д идэвхгүй тамхидалтаас болж жил бүр 35 мянган хүн зүрхний шигдээсээр нас барж байна гэсэн тооцоо гарсан байна. Жирэмсэн тамхи татдаггүй эмэгтэйчүүд бусад хүмүүсийн тамхины утаанд хордсоноор ургийн өсөлт зогсч амьгүй төрөх, жин багатай, амьдрах чадвар муутай, сул дорой хүүхэд төрөх нь элбэг байдаг.