2007/04/29

Нэг ч доллар гаргалгүй тэрбумтан болсон Арманд Хаммерын түүх

Өмсөх хувцас, хоногийн хоолгүй, өлмөн зэлмүүн байсан ч уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, ухаан бодлынхоо ачаар үнэмшмээргүй их амжилтанд хүрч, үлгэрт л гардаг тэр баялгийг бий болгож чадсан дэлхийн баячуудын туулж өнгөрүүлсэн бэрхшээл зовлон, түүнээс хэрхэн гарсан арга зам, ялалтанд хүрсэн амьдралын түүхийг танд зориулж байна. Танд ч бас юугаар ч дутахгүй, хэнээс ч гуйхгүй сайхан амьдрах боломж бий. 20-р зууны дэлхийн баячуудын түүхийг судлаад, 21-р зууны тэрбумтан болох боломжийг олгохоор таны өмнө “Амьдралын гайхамшигт түүх” буланг нээсэн билээ. Энэ удаагийн дугаартаа хүмүүнлэг үйлстэн тэрбумтан Арманд Хаммерын ажил амьдралын түүхийг сонирхуулья.

Владимир Хаммер гээч Еврей усан онгоц засварлаж олсон бүх хөрөнгөө давсны наймаанд оруултал Каспийн тэнгисийн шуурга агуулахууд дахь хамаг давсыг нь урсган одсоноор бүрмөсөн дампуурчээ. Хөөрхий Хаммерт Америк руу дүрвэгсдийн онгоцонд суухаас өөр арга байсангүй. Түүний хүү Юлиус эмч Бүгд найрамдах намыг талархагч байсан. Харин Юлиусын хүү Арманд эцгийнхээ мэргэжлийг өвлөн эмчийн диплом өвөртлөв. Гэхдээ еврей хүний ажил хэрэгч чанар нь түүнийг амар байлгасангүй. Арманд оюутан байхдаа л эмийн багахан үйлдвэрлэлээр бизнесийн гараагаа эхэлжээ. Дэлхийн 2-р дайн түүнд зүүдлэмгүй их ашиг орлогыг авчрав. Дайн эхлэхэд гурван ажилчинтай байсан Арманд дайны төгсгөлд 1500 ажилчинтай болсон байлаа. Өвөг эцэг нь Орос оронтой зохих хэмжээний холбоо хэлхээтэй байсан тул сонин зүйлсийг их ярина. Энэ нь Арманд нөлөөлж, Орост наймаа хийвэл асар их ашигтай гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Тэрээр Америкийн үйлдвэрүүдээс асар их хэмжээний эм тариа зээлж аваад, тусгай усан онгоцоор Санкт Петербургт очиход Зөвлөлт засгийн газрын Эрүүлийг хамгаалах газрын комиссар баяртай хүлээж авав. Сүм дуганаас болон баячуудаас хурааж авсан урлаг, түүхийн дурсгалуудаар эм тариаг нь сольж, түүнийг нь Америкт худалдахад 25 дахин их мөнгө олжээ. Ийнхүү Орост цөөнгүй удаа эмнэлгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн Армандыг Эрүүлийг хамгаалахын комиссар Зөвлөлтийн байдалтай танилцах аялалд урилаа. Екатеринбургт очиход нь Самараас гарсан дүрвэгсдийн галт тэрэг дайралджээ. 1000 дүрвэгчээс залуу, хүчтэй 200 нь л амь үлдэж, бусад нь замдаа өлбөрч үхсэн байв. Орост хүнсний хомсдол болж, өлбөрч үхэх аюул нүүрлэж байсан учраас Уралд цагаан алт, маргад, үнэт арьс үс хэнд ч хэрэггүй хөглөрнө. Энэ үед Америкчууд буудайн арвин их ургац хурааж хааш нь хийхээ мэдэхгүй байлаа. Фермерүүд ханш буухаас сэргийлж, илүүдэл ургацыг шатаахаар шийдэж байхад Арманд дүү Гарридаа 3 сая пүү буудай Орос руу илгээхийг захив. Харин фермерүүд 10 сая пүү буудай зээлдүүлэхийг зөвшөөрч, усан онгоцны цуваа Орос руу хөвөрлөө. Буудайн оронд Арманд Хаммер үнэт металл, чулуу, үслэг эдлэл авч байв. Большевикууд тэдгээрийг хөрөнгөтний зүйлс гэж үзээд эс ойшоох учир энэ наймаа нь Хаммерын буудайг 10 нугалж өгсөн юм. Хаммертай Ленин уулзахыг хүсчээ. Тэд уулзахад Ленин “Саентифик Американ ” сэтгүүлийг үзүүлж, “Орост энэ зургууд дээр байгаа шиг техникүүд хэрэгтэй байна” гэжээ. Мөн гадаадын капиталд аж үйлдвэрийн болон худалдааны концесс олгоно гэдгээ илэрхийлснээр Хаммерын өмнө том боломж нээгдсэн юм. Тэрбээр Америкийн янз бүрийн компанид зуучилсан нэрийн дор өөрөө бүх концессийг хувьдаа авч, 30 гаруй уурхай, үйлдвэрийн концессыг мэдэлдээ оруулав. Ингээд ганц гарын үсэг зураад л большевик орон дахь капиталист эзэнт улсыг байгуулчихлаа. Их төлөв Уралд орших үйлдвэр уурхайд нь 40 мянган хүн ажиллаж байв. Хариуд нь Хаммер трактор, комбайн, бусад хүчит техник, суурь машин, онгоц өгөх ёстой байлаа. Энэ нь концессийн жинхэнэ үнээс 15 дахин хямд тусах наймаа байв. Америкийн бизнесменүүд ховор металл, чулуугаар солих болзол тавин техникийг зээлээр нийлүүлжээ. Энэ мэтчилэн Хаммер нэг ч доллар заралгүйгээр баяжсан хүн юм. Түүнийг Ленин ингэж дураар нь дургиулж байсны нууц нь Армандын гэргий Инессад ухаангүй дурласнаас болсон гэдэг. Тэр хоёрын ойр дотно харилцааны тухай олон баримтыг түүхэнд дурджээ. Арманд энэ тухай гадарласан ч эсэргүүцэх байтугай дэмжсэн гэдэг юм билээ. Тиймээс ч Америк, Зөвлөлтийн худалдааны хэлэлцээрүүд мань хүний зуучлалаар л бүтэж, Зөвлөлттэй хамтран ажилладаг барууны бүх пүүс компани Хаммерт 5 хувийн татвар төлж байсан гэдэг. Зөвлөлтүүдийг үзэн ядагч Фордыг ч тэр ятгаж дөнгөсөн. Чингэснээр Форд большевикуудад 35 сая долларын техник сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулж, магнай хагартал баяссан ажээ. Энэ нь Фордын байгуулсан хамгийн том худалдааны гэрээ байсан гэдэг. Үүний дараа Форд Челябинск, Свердловскод трактор, ачааны тэрэг угсрах завод барьж байгуулав. Германы Фабер Хаммерийн ачаар Зөвлөлтийн өнцөг булан бүрд харандааны үйлдвэр байгуулж, жилийн орлогоо 50 дахин нэмэгдүүлж байв. Хаммер 1930 онд Сталин нарын мугуйд бодлогын дүнд Америк луугаа буцахад хүрчээ. Улсдаа ирсэн хойноо ч Хаммер ЗХУ-тай ашигтай наймаагаа үргэлжлүүлсээр байсан юм. Бизнесийн аз хийморьтоо дэндүү итгэсэн Хаммер нефтийн дампуурах дөхсөн Оксидентл компанийг 100 мянган доллараар худалдаж авлаа. Хантын нефтиэс их ашиг олох тусам бага татвар төлнө гэсэн утгагүй хууль үйлчилдэг Техаст тэр явж очив. Техасчууд гадны хүнийг хавчиж хяхан, хамгийн найдваргүй гэж үзсэн газруудыг түүнд худалджээ. Уг газрууд нь бараг сул үнэтэй байсан нь мэдээж. Колорадо голын хөндийд орших, урьд нь олон арван хоосон цооног гаргасан газраас Оксидентл Техаст томд орох цооногийг нээжээ. Калифорнид Оксидентл мөн л дуулиан дэгдээж эхэллээ. Сан Францискогийн ойролцоо Калифорнид хоёрдугаарт орох баялаг цооногийг нээв. Брентвуд хотын дэргэд ч бас нэгэн бүс илрүүлэв. Даруй Хаммер Ханттай эн зэрэгцэх нефть олборлогч үгүй боллоо. Зөвхөн Оксидентлийн алдарт өрөмдөгч Фин Рейд компанийнхаа акциас 30 сая долларын орлого олж байсан байна. Хаммерын геологичид нефть хайх явцдаа бордооны түүхий эд агуулсан орд олонтаа нээж байсан нь сонин. Мань хүний байгуулсан бордооны заводуудын барилга тэнгэр баганадаж, тэднийг нэгтгэсэн Бест фертилайзерс компани энэ салбарын том монополи боллоо. 50 жилийн өмнө бүх фосфатыг нь боловсруулж дууссан гэх газраас фосфатын том ордыг олов. “Таны амьдралд азтай тохиолдол ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?” гэхэд Хаммер “Өдөрт 14 цаг хичээн ажилладаг хүнийг байнга аз хийморь дагаж байдаг юм” гэж хариулжээ. Тэрээр 1956 онд Ливи улсыг барууны капиталын өмнө нээж өгсөн байна. Онолын хувьд Ливид нефть байх учиртай ч хаан Идрис ажил хэргийн талбарт ямар ч санаачлагагүй нэгэн. Хаммераар татуулж чангаалгаж байж л Идрис барууныхантай ажиллахыг зөвшөөрөв. Энэ мэт амжилт дагнасан замаар явсаар 1963 онд Арманд тэрбумтан болсон юм. Тэрээр бусад том капиталистуудаас буянт үйлээрээ ялгардаг нэгэн. Өмнөд Калифорний их сургуульд эртний мастеруудын зургийн цуглуулга, Лос Анжелесийн урлагийн музейд 25 сая долларын үнэтэй өөр нэг цуглуулга, Вашингтоны үндэсний уран зургийн музейд зураасан зургийн цуглуулгаа бэлэглэсэн. Арманд Хаммерийн нэрэмжит өмөн үү судлах төвийг олон сая доллараар байгуулж, засгийн газартаа бэлэглэсэн. Барууны баячуудаас Ленинтэй холбоотой дурсгалт зүйлсийг олноор худалдан авч ЗХУ-д бэлэглэж байв. Мөн дайн, байгалийн гамшигт учирсан олон оронд тусламж үзүүлжээ.

No comments: