2007/04/29

Нойргүйдэлд эмийн бус эмчилгээ илүү үр дүнтэй



Зарим хүмүүс нойр хүрэхгүй байгаагаа ядаргаанаас болсон байх гэж өөрсдөө онош тавьдаг.
(Нойргүйдэх өвчний талаар “Рефлекс” эмнэлгийн эмч Р.Мөнхбаяр зөвлөж байна)

-Нойрны эмгэг гэж юу вэ?
-Нойр нь өдөр бүр бидний оюун санаа, бие махбодыг тэнхрүүлж байдаг хамгийн чухал хэрэгцээ юм. Нойрны хэрэгцээ хувь хүн бүрд янз бүр байдаг. Зарим хүмүүс 4-5 цаг унтахад нойр ханадаг бол нөгөө хэсэг хүмүүс 9-10 цаг унтаж байж амардаг. Энэ хэрэгцээг хангахгүй бол нойрны хямрал үүснэ. Насанд хүрсэн дөрвөн хүний нэг нь нойрны ямар нэгэн хямралтай байдаг. Нойрны хямрал гэдэг нь нойргүйдлээс гадна хэт нойртол, нойрны үед амьсгал тасалдах, нойрондоо , явах, ярих, шүд хавирах, нойрны айдас, нойрны үед булчин татвалзах, өдрийн цагаар дийлдэхгүй нойр хүрч ямар ч нөхцөлд гэнэт унтах гэх мэт 80 гаруй төрлийн нойрны үеийн хам шинж, эмгэгүүд бий.

-Нойргүйдэл нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?
-Нойргүйдэл гэдэг нь нойрны үргэлжлэх хугацаа багасах, нойр хүрэхгүй удах, эрт сэрэх, нойр ханахгүй байхыг хэлнэ. Унтах хугацаа хэвийн боловч өнгөц унтах, шөнө олон дахин сэрэх байдал ч мөн нойргүйдэл мөн. Унтах гэж удах, ойр ойр сэрэх, эсвэл унтсаны дараа амраагүй мэт сэтгэгдэл төрөх зэрэг шинжүүд удаан хугацааны туршид давтагдах нь архаг нойргүйдлийн илрэл болно. Нойргүйдэл нь хүний энерги, хүч чадлыг мохоож, зан аашийг өөрчлөхөөс гадна биеийн эсэргүүцлийг сулруулдаг тул олон төрлийн өвчин сэдрэх шалтгаан болно. Мөн танин мэдэхүйн чадвар буурах буюу анхаарал төвлөрөлт /viyyflax. ядрах, булчин сульдах, ажлын бүтээмж муудахаас гадна машин тэрэг жолоодох үед аваар осол үүсгэж болзошгүй.

-Яагаад нойргүйдэлд ордог юм бэ?
-Сэтгэл санааны хямрал, биеийн ямар нэгэн өвчин болон сэтгэцийн өвчнөөс болж нойргүйддэг. Ажил, сургууль, эрүүл мэнд эсвэл гэр бүлийн тухай байнга санаа зовоход хүний тархи ядарч, амарч чадахгүй болно. Үүнтэй адил сэтгэлээр гутрах, байнга юмнаас түгшиж, айх нь сэтгэл санааг хямрааж нойргүйдүүлдэг. Зарим эмийн эмчилгээ жишээлбэл, зарим даралт буулгах эм, гормон эмчилгээ, өвчин намдаах эм гэх мэт нь нойрны хэмнэлийг өөрчлөдөг. Ялангуяа тураах бэлдмэлүүд коффеин болон бусад сэргээш бодисуудыг агуулдаг тул нойрыг муутгадаг. Мөн харшлын эсрэг бэлдмэлүүд эхний үед нойр хүргэх боловч, шээсний гарцыг өөрчилж, ойр ойр шээс хүргэснээр шөнө муу унтахад хүргэдэг. Үүнээс гадна, архи хэтрүүлэн хэрэглэх, тайвшруулах, нойрсуулах эм, кофейн, никотин агуулсан бэлдмэл удаан хугацаагаар дур мэдэн хэрэглэх нь нойргүйдлийг улам гүнзгийрүүлдэг байна. Цаг солигдох, эсвэл ажлын ээлж солигдсоны улмаас хүний өдөр шөнийн хэмнэл алдагдаж бас нойргүйдэл үүсч болно. Мөн их өвдөлтөөр илэрдэг үе мөчний өвчин, мэдрэлийн судасны гаралтай өвдөлтүүд, булчин зангирах өвдөлтийн улмаас нойр муудцаг. Энэ тохиолдолд өвдөлт намдаах зөв арга хэрэглэснээр нойр сайжирна.

-Нойргүйдлээс гарахын тулд тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл юу байх вэ?
-Зарим хүмүүс унтах гэж хэт их хичээж, нойр хүрдэггүй, унтдаггүй гэж байнга санаа зовсоны улмаас нойргүйдэлд ордог. Ийм тохиолдолд унтаж буй орчноо солих, унтах гэж хичээж биеэ чагнахаа больж, телевиз үзэх эсвэл ном уншихад анхаархлаа сарниулвал сэтгэлийн хямралаас болсон нойргүйдэл арилна. Унтахын өмнө хэт их хооллох, хэт өөг хоол хүнс хэрэглэх нь зохимжгүй, бие тавгүйтүүлж, ам гашуун оргиулж, ходоод гэдэс цанхайлгах тул нойргүйдлийн бас нэг шалтгаан болж байдаг. Нас ахих тусам өнгөц нойрны үе шат уртсаж, гүн нойрны үе шат богиносож, хүн эрт сэрдэг болдог. Нойрны зарим эмгэгүүд нас ахихад илүү олонтоо тохиолддог. Жишээ нь нойрон дунд амьсгал тасалдаж ойр ойрхон сэрнэ, мөн шөнө хоёр хөл нь бадайрч тавгүйтсэний улмаас шөнө дунд босч хөл өө хөдөлгөх шаардлагатай болдог.

-Хамгийн үр дүнтэй ямар эмчилгээнүүд байдаг вэ?
-Нойргүйдлийн үед эмийн эмчилгээ хийх нь эхний сонголт биш юм, учир нь нойргүйдлийн үед уудаг эмүүд нь ихэвчлэн дасал үүсгэдэг, түр зуур үйлчилдэг байна. Зарим эмийг хэт удаан хэрэглэхэд сэтгэцэд өөрчлөлт орж, донтох шинж тэмдэг илэрч болдог. Иймээс нойргүйдлийн үед эмийн бус аргаар нойр сайжруулах, өөрөөр хэлбэл нойрны эрүүл ахуйг сахиж дараах зөвлөмжийг мөрдөх хэрэгтэй. Үүнд:
1.Ажил, амралтын өдөр ялгаагүй өдөр бүр ижил цагт унтаж, ижил цагт бос.
2. Орой унтахдаа нойр хүрэх үед орондоо ор. Хэрвээ нойр хүрэхгүй бол өөр өрөөнд орж, телевиз үзэх, юм унших гэх мэт ямар нэг өөр нойр хүргэх зүйл хий.
3. Сэрүүлэгээ тохируулсаны дараа шөнө цагаа харагдахгүйгээр нуу.
4.Өдөр түр зуур ч битгий унт.
5.Нойр сэргээх эмийн бэлдмэл, кофе, тамхи, архины хэрэглээг багасга. Ялангуяа оройн цагаар унтахаас өмнө бүү хэрэглэ.
6.Тогтмол гимнастик, дасгал хий. Гэхдээ дасгалыг өглөө болон өдрийн цагаар хийхньтохиромжтой.Унтахаас өмнөх 5-6 цагт дасгал бүү хий.
7.Орой унтахаас1-2 цагийн өмнө өөрийгөө тусгаарла. Телевизороор мэдээ үзэхээ зогсоо. Өөрийн санаа зовж буй зүйлсийн талаар өдрийн тэмдэглэл бичиж байгаа бол үүнийгээ дуусга. Оронд нь халуун ваннд ор, зөгийн балтай сүү уу.
8.Унтлагын өрөөгөө өөрийн дуртай өрөө болгож тохижуул. Энэ өрөө таны бүтэн шөнийн турш тайван амрахад тааламжтай байх ёстой. Ердөө л үүнийг дагавал нойргүйдэхийн зовлонг мартаж болно.

No comments: