2007/06/06

Хоолойны махыг авахуулж болохгүй

Гүйлсэн булчирхай бол өвчний голомт биш болохыг сүүлийн үеийн шинжлэх ухааны олон судалгаагаар батлагдаж, гадаадын эмч нар хоолойны мах авдаггүй болсон. Манай улсад л гагцхүү хоцрогдсон энэ хагалгааг үргэлжлүүлсээр байгаа юм байнa.
Хоолойд ургасан мах амьсгалыг боож, амьсгалах хүчилтөрөгчийг хумсалдаг. Тиймээс манай эмч нар энэ өвчнийг анагаахын тулд гүйлсэн булчирхайг авдаг юм л даа. Гэтэл дэлхий дахин хүний хоолойд байрлах гүйлсэн булчирхайг авахыг эрс хориглодог болжээ. Учрыг лавлавал гүйлсэн булчирхай нь гаднаас ирэх нянг устгадаг дархлалын маш чухал эрхтэн юм байна.
“Эмч зөвлөж байна” буланд зочилсон нийслэлийн Баянзүрх дүүргийн эмнэлгийн их эмч Н.Алимаа та бүхэнд энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай дараах зөвлөгөөг хүргэсэн юм. Тэрээр Ревматизмтай тэмцэх төвийн гишүүн бөгөөд гүйлсэн булчирхайн үрэвслийг зүү тавин эмчилж буй эмч нарын нэг билээ.

-Хүмүүс даарснаас болж, хоолойнд улайсалт үүсч, улмаар мах ургалаа гэж ярьдаг. Энэ яриа хэр үнэний ортой вэ?
-Гагцхүү даарснаас хоолой өвддөг юм биш л дээ. Давхар хүчин зүйлүүд бий. Харин хоолой өвдсөнөөс дархлаа сулардаг. Улмаар ангина гэж айхтар өвчинд хүргэдэг л дээ.
-Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь хүн юуг анхаарах ёстой юм?
-Нэгдүгээрт, орчин цэвэр байх ёстой. Хоёрдугаарт, дархлааг сайжруулах витаминлаг хоол, хүнсийг хэрэглэх нь чухал. Хавар, намрын улиралд витаминлаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж байх ёстой. Хүүхдээ гимнастик хийлгэж, усан бассейнд тогтмол оруулж хэвших нь ангина өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал алхам болно.
-Хүнсний бүтээгдэхүүн их чухал үүрэгтэй байх нь ээ?
-Тэгэлгүй яахав, удаан хадгалсан хүнсний бүтээгдэхүүн идсэнээс хоолой өвддөг. Тухайлбал, сүү, төрөл бүрийн салат, компот, махан бүтээгдэхүүн. Энэ дотор хиамыг нэрлэж болно. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн дотор нян идэвхтэй үржиж улмаар хоолойг өвчлүүлдэг юм.
-Хар багаараа хоолой нь өвдчих юм. Хэрээрээ асарч байхад гэж зарим ээжүүд гомдоллодог. Энэ юутай холбоотой байж болох вэ?
-Хүүхдийн хоолой өвдөж байна гэдэг эцэг, эхийн асаргаа, сувилгаатай холбоотой л доо. Хүүхэд хөл нүцгэн хүйтэн газар явснаас хоолой нь өвддөг. Дороосоо даарснаас тэр л дээ. Мөн их халууцсан үедээ зайрмаг идвэл хүйтэн, халууны солилцооноос болж хоолой нь өвддөг.
-Хоолойд мах ургачихаад амьсгалж болохгүй хүнд байна. Эмч сэрүү орохоор авахуулаарай гэж зөвлөсөн. Намар л хоолойныхоо махыг авхуулахаас гэж ярьдаг. Гэтэл та хоолойны махыг авхуулж болохгүй гэх юм. Учрыг нь тайлбарлахгүй юу?
-Гүйлсэн булчирхай бол өвчний голомт биш болохыг сүүлийн үеийн шинжлэх ухааны олон судалгаагаар батлагдаж, гадаадын эмч нар хоолойны мах авдаггүй болсон. Манай улсад л гагцхүү хоцрогдсон энэ хагалгааг үргэлжлүүлсээр байгаа юм. Учрыг нь тайлбарлая л даа. Гүйлсэн булчирхай нь гаднаас орж ирж буй бактерийг устгах үүрэгтэй чухал эрхтэн. Түүнийг авчихаар бие организмыг хамгаалах үүрэгтэй дархлалын эрхтэн систем байхгүй болчихно шүү дээ. Тийм болохоор хоолойны махыг авхуулж болохгүй.
-Хоолойны махыг авахуулахгүй л бол, амьсгалыг нь боогоод хүнд байдаг гэсэн?
-Эмчилгээний шинэ аргыг дэлхий дахин амжилттай хийж байгаа л даа. Тухайлбал, манай МНМ эмнэлгийнхэн энэ өвчнийг хоолойны махыг авахгүйгээр амжилтай эмчилж байна. Зүү тавьж эмчилж буй юм л даа. Хоолойд тавьсан зүү гүйлсэн булчирхайд үүссэн бактерийг уусгана. Ингэхдээ , бид давхар хор тайлах металийг өвчний голомтод суулгадаг юм.
-Өвчин хүндэрсэн тохиолдолд энэ эмчилгээг хийлгэж болох уу?
-Бололгүй яахав, бүрэн эмчилнэ. Эмчилгээний үр дүн 85-90 хувьтай байгаа.
-Дээрх дүгнэлтийг та их л итгэлтэй хэллээ. Хэчнээн хүнд зүү тавих эмчилгээг хийсэн юм бэ?
-МНМ эмнэлэг маань дөрвөн жилийн өмнөөс эхлэн энэ эмчилгээний аргыг нэвтрүүлсэн. Тэр үеэс өнөөдрийг хүртэл 4000 орчим хүнд гүйлсэн булчирхайг авахгүйгээр зүү тавих эмчилгээг хийгээд байгаа.
-Хоолойнд мах ургахыг удамшил байж магадгүй гэж зарим хүн тайлбарладаг. Энэ үнэн үү?
-Би дээр хэлсэн. Гүйлсэн булчирхайн үрэвсэл бактераар дамждаг гэж. Энэ өвчин бол удамшдаггүй. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэрэв тухайн гэр бүлийн нэг гишүүн гүйлсэн булчирхайн халдвартай бол бусдад тараах магадлал өндөр. Яагаад гэвэл гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин нь халдвартай өвчин юм.
-Гүйлсэн булчирхайн үрэвслийг эмчлүүлэхгүй явсаар архагшуулчивал яадаг бол?
-Хэрх гэж хүнд хэлбэр рүү шилжинэ. Энэ нь зүрх судсанд нөлөөлж амиа алдах аюулд хүргэдэг. Мөн үе мөчинд нөлөөлснөөр тухайн хүн хөдөлмөрийн чадвараа алдах ч тохиолдол бий.

Аpдын эрx

No comments: